ТӨХК-иуд дахь “хувалзнууд”

2026/09/17
ТӨХК-иуд дахь “хувалзнууд”

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барихдаа есөн шийдвэр танилцуулсан билээ. Ингэхдээ энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх нэг хөшүүрэг нь төрийн өмчит хувьцаат компани (ТӨХК)-иудын засаглалыг сайжруулж, орлогыг ил тод болгох тухай байв. Өнөөг хүртэл ТӨХК-иуд хэдэн төгрөгийн орлого олж буй нь тодорхой бус, хяналт тавих ч боломж хомс явсаар ирсэн. Улсын төсвийн өчнөөн хувьтай тэнцэх мөнгө УИХ-ын хяналтын гадуур, Засгийн газрын бодлогоос зөрж, ердөө ТӨХК-иудын гүйцэтгэх захирлын гарын салаагаар урсаж буй. Тэгвэл энэ асуудалд цэг тавих Ерөнхий сайд Н.Учралын бодлого бодит болохоос урьтаж АН-ынхан ч бас энэ асуудалд анхаарал хандуулж эхэллээ. АН-ынхан “4:11” уулзалтын үеэр Төрийн өмчит компани /ТӨК/ түүний төсөв, зардал, зарцуулалтын талаар хууль тогтоомжийн биелэлтийг сүүлийн 10 жилээр хянах УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах санаачлагыг гаргаж байгаа ажээ. Учир нь төрийн өмчит компаниуд 100 их наяд төгрөгийн балансын хөрөнгөтэй, гэтэл 2025 онд хийсэн аудитын тайлангаар ТӨК-иас 8.4 их наядын зөрчил илэрсэн асуудал яригдаж байна.

“Ийм учраас сүүлийн 10 жилээр ТӨК-ийн ашиг алдагдал, ямар төсөл санхүүжүүүлсэн юм бэ, түүнийг нягталъя, Хянан шалгах түр хороо байгулъя, УИХ дээр сонсгол хийе гэж байгаа юм” гэж УИХ-ын гишүүн Ө.Шижир мэдэгдэл хийв.

100 их наяд гэдэг Монгол Улсын жилийн төсвийг гурав нугалах хэмжээний мөнгө. Гэтэл энэ их хөрөнгө дээр сандайлсан ТӨХК-иудын захирал, удирдлагууд улсын мөнгийг өөрийн юм шиг урсгасаар ирсэн. 70 гаруй мянган хүн ажиллаж төрийн өмчит компаниуд 2025 онд 1.8 их наядын төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн томилгоогоор очсон хүмүүс ийм их хэмжээний хөрөнгийг захиран зарцуулжээ. УИХ-ын гишүүн Ө.Шижир энэ талаар “ТӨК-иар дамжуулж улс төрийн томилгоо хийдэг, улс төрийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг, нийгмийн чанартай төсөл хөтөлбөр санхүүжүүлэх нэрээр намынхаа үйл ажиллагааг санхүүжүүлдэг хэлбэр байна. ТӨК -ийн захирал нь УИХ-ын сонгуульд нэр дэвшээд унасан, эсхүл МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүүн, сайд байсан хүн байна. Тухайлбал, “Эрдэнэс Монгол”-ын захирал 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд унасан, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байсан. Бид зөвхөн жишээ авахад ийм байна. Бусад компаниудад ч яг адилхан улс төрийн томилгоо хийгддэг. Энэ томилгооноос татгалзах хэрэгтэй. ТӨК -ийг дагасан хөрөнгө, хулгай, хууль бус үйлдэл, ТӨК-ийн үйл ажиллагааг дагасан санхүүгийн луйврыг таслан зогсоож байж, эрүүл нийгэм, эрүүл санхүүгийн бүтцийг ярина. Монгол Улсын ДНБ-ийн 74 хувийг төр өөрөө үйлдвэрлэж байна. Коммунист улсад ч 74 хувь байдаггүй. Хятадад өнөөдөр төрийн өмчит компани нь ДНБ ийн 35 хувийг үйлдвэрлэж байна. Ийм байхаар эрүүл бизнесийн тогтолцоог хэвийн байдлаар хангах боломжгүй болсон гэж үзэж байна. Ийм учраас УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах нь зүйтэй гэж үзэж, өнөөдрөөс УИХ-ын гишүүдээс гарын үсэг зуруулж эхэлж байна” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Төрийн банкны захирал 2020 онд 749 сая, 2022 онд 427 сая, 2023 онд 470 сая, 2024 онд 493 сая, 2025 онд 599 сая төгрөгийн цалин авсан” гэдгийг хэлсэн юм. Тэрээр дундажлаад үзэхэд сард 50 сая төгрөгийн цалин авч байгааг АТГ-ын баримтаар нотолж хэлсэн юм.

Зөвхөн Төрийн банкаар жишээлж хэлсэн энэ зүйл ТӨХК-иудын удирдлагын хувьд цомхон, чадварлаг болгох зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Нэгэн үе Хэмнэлтийн хуулийн дагуу ТӨХК-иудын орлогч, дэд дарга нарыг цомхотгож байсан удаатай. Тэгвэл өнөөдөр бүгд буцаад дэд дарга, орлогч захирал гэсэн албан тушаалуудтай болжээ. Сардаа 50 сая төгрөгийн цалин авдаг Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр л гэхэд 2 дэд дарга, 5 орлогч захиралтай юм байна. Тэд хэдийг авдаг бол. Энэ мэтээс харахад Төрийн өмчит компаниудын гүйцэтгэх удирдлага, тэр тусмаа орлогч, дэд захирлуудын орон тоог цомхотгохоос төрийн хэмнэлт эхлэх учиртай. Энэ хүмүүс ямар ажил амжуулж, яаж Монголын ард түмнийг гийгүүлсэн болоод ийм хэмжээгээр цалинждаг юм бэ. Үндсэндээ татвар төлөгч та бидний мөнгөнөөс шимэгчилж амьдарч байгаа хүмүүс бус уу?

ТӨХК-иуд дахь “хувалзнууд”  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх