ХХНББХ: Тамхины хяналтын тухай болон Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав

2026/07/01
ХХНББХ: Тамхины хяналтын тухай болон Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2026.06.30) хуралдаж, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлэг зэрэг дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаан чуулганы нэгдсэн хуралдааны дараа 17.15 цагт Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, М.Сарнай, Л.Энхнасан, Д.Рэгдэл, М.Нарантуяа-Нара, Д.Ганмаа, П.Ганзориг, П.Наранбаяр, Т.Мөнхсайхан, О.Батнайрамдал, С.Эрдэнэбат, Ж.Галбадрах, Ж.Чинбүрэн, Н.Алтаншагай, М.Ганхүлэг, А.Ганбаатар, Б.Түвшин нарын буюу 56.6 хувийн ирцтэй эхэллээ.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нарын 71 гишүүний өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн танилцууллаа. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас зарчмын зөрүүтэй хоёр саналыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу уг саналуудыг гүйцээн боловсруулсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, Т.Мөнхсайхан нарын гаргасан хуулийн төсөлд туссан хамрын тамхины гааны амттай холбоотой зохицуулалт, 2010 оноос хойш төрсөн иргэдэд тамхи худалдаалахгүй байх тухай заалттай холбоотой саналуудаар дахин санал хураалгах нь зүйтэй гэж үзсэн байна.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Л.Энхнасан, М.Нарантуяа-Нара, П.Наранбаяр нар асуулт асууж, хариулт авч, мөн үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд хууль батлагдсанаар гарах үр дагаварууд, тэр дундаа олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг амлалтын биелүүлэх, бусад хууль, тогтоомжийн уялдааг хангах, татварын хувь хэмжээг тодорхой тооцоолох, хууль хэрэгжих механизмыг төсөлд нарийвчлан зохицуулах зэрэг асуудлыг хөндсөн юм. Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара дутуу дулимаг хууль батлаад хэрэгжүүлэх явцад сайжруулна гэж тооцож байгаа нь буруу гээд боломжтой бол төслийг хууль санаачлагч буцаан татаж авах нь зүйтэй гэж зөвлөлөө.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс гүйцээн боловсруулсан саналууд, мөн дахин санал хураалгахаар оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхээр тогтов.

Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа нарын 65 гишүүнээс энэ сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай хэлэлцүүлгийг дараа нь явуулав. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа танилцууллаа.

Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төсөл нь Монгол Улсад асрах үйлчилгээний эрх зүйн орчныг анх удаа бие даасан хуулиар бүрдүүлэхэд чиглэсэн байна. Хуулийн төсөл нь 10 бүлэг, 30 зүйлтэй, асрах үйлчилгээний төрөл, хэлбэр, шаардлага, үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ авагчийн эрх, үүрэг, хүний нөөц, сургалт, санхүүжилт, даатгал, төрийн дэмжлэг, хяналт, хариуцлагыг цогцоор зохицуулна. Асрах үйлчилгээг зөвхөн ахмад настанд бус, өдөр тутмын амьдралдаа бусдын тусламж шаардлагатай бүх хүнд хэрэгцээнд нь тулгуурлан үзүүлэхээр тусгажээ. Үйлчилгээг ахуйн асаргаа, сэргээн засах, асрах, нийгмийн оролцоог дэмжих гэсэн төрлөөр, гэрээр, байгууллагад, явуулын болон өдрийн хэлбэрээр зохион байгуулахаар заасан байна. Мөн үйлчилгээ үзүүлэгч нь тогтоосон шаардлагуудыг хангах ёстой бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоог дэмжихээр заажээ. Санхүүжилтийг төрийн худалдан авалт, татварын болон төлбөрийн дэмжлэг, сайн дурын даатгал зэрэг олон эх үүсвэрээр бүрдүүлэхээр тусгажээ.

ХХНББХ: Тамхины хяналтын тухай болон Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх