Ядуурлын түвшинг манай улс хоёр жил тутамд гаргадаг. Хамгийн сүүлд 2018 онд ядуурлын түвшний судалгаа хийхэд 28.4 хувьтай байсан. Тэгвэл 2020 онд ядуурлын түвшин 0.6 хувиар буурч, 27.8 хувьтай гарчээ. Хувиар харахад үзүүлэлт ийм байгаа боловч, 3.3 сая хүнээр тооцвол манай улсад 903 мянган хүн ядуу байна. Өөрөөр хэлбэл, гурван хүний нэг нь ядуу гэсэн үзүүлэлт өөрчлөгдөөгүй байгаа юм.
Ядуурлын түвшин хот суурин газарт 26.5, хөдөөд 30.5 хувь байна. Суурьшлын бүсээр нь харвал, Улаанбаатарт 43.5, аймгийн төвд 20.4, суманд 36.1 хувьтай байна.
ҮСХ, Дэлхийн банк ядуурлын түвшинг гаргахдаа ядуурлын шугам буюу сарын хэрэглээ 184740 төгрөгөөс доош байвал ядуу гэх ангиалалд оруулсан байна. Ядуурлын түвшин буурахад, өрхийн орлогод эзлэх тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 2020 онд 2018 оноос 35 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн гэлээ.
Харин ядуурлын түвшин буурахад хөдөлмөр эрхлэлт, цалин хөлсний орлого нөлөөлөөгүйг ҮСХ-ны дарга Б.Батдаваа хэллээ. Өөрөөр хэлбэл, өрхийн орлогод халамжийн орлого жин дарж, цалин хөлсний орлого нөлөө үзүүлээгүй гэсэн үг юм.
Түүнээс гадна цар тахал ядууралд хэрхэн нөлөөлснийг тооцон гаргасан байна. Ингэхэд цар тахал ядууралд 3.5 хүртэлх хувиар нөлөөлжээ.
ЦАР ТАХАЛ ЯДУУРАЛД 3.5 ХУВИАР НӨЛӨӨЛЖЭЭ | |
zugchig.mn Facebook |