Төв банк ирэх оны эдийн засгийн төсөөллөө буруулжээ. Мөн мөнгөний бодлогын хүүг зургаан хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Тодруулбал, ирэх оны эдийн засгийн төсөөллийг буруулсан шалтгаан ньэдийн засгийн өсөлт салбар хооронд жигд бус, эмзэг байгаатай холбоотой гэж Төв банкны Ерөнхийлөгч Лхагвасүрэн тайлбарлалаа. Тухайлбал, Төв банк энэ онд уул уурхайн бус салбар буюу хөдөө аж ахуйн салбарт эдийн засгийн өсөлт сайн байхаар төсөөлжээ. Гэвч малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан дотоодын мах бэлтгэл, махны экспорт хангалтгүй байжээ. Мөн хилийн хязгаарлалт удаан үргэлжилсэн учир бүтээгдэхүүний тасалдал их байсан нь худалдаа болон тээврийн салбарын өсөлтийг гацаажээ. Мөн барилгын салбар эдийн засгийн өсөлтөд хасах нэг хувийн сөрөг нөлөө үзүүлжээ. Үүнээс шалтгаалан инженерийн чанартай бүтээн байгуулалт бага байжээ. Түүнчлэн цар тахлын үед уналтад орсон хөдөлмөрийн зах зээлийн сэргэлт удаан байгаа нь өрхийн орлого өсөхгүй байгаа шалтгаан болж байгааг нэмж хэлэв. Эдийн засгийн өсөлт хүлээлтээс доогуур байсантай давхцан үнийн өсөлт зорилтот түвшнээс давж хоёр оронтой тоонд хүрсэн нь бодлогын хүүг хэвээр үлдээх шалтгаан болжээ. Үнийн өсөлтийн түвшин хоёр оронтой тоонд хүрэхэд гурван хүчин зүйл нөлөөлжээ. Нэгдүгээрт, дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш өссөнтэй холбоотой дотоодод шатахууны үнэ нэмэгдсэн. Үүнийг дагаад бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Хоёрдугаарт, махны үнийн өсөлт. Махны үнэ улирлын шинжээрээ бол өдийд буурах ёстой. Гэвч малын гоц халдварт өвчин улсын хэмжээнд гарсан тул нийлүүлэлт өмнөх жилээс хомс байсан тул энэ онд буураагүй. Гуравдугаарт, дэд бүтцээс шалтгаалсан импортын барааны тасалдал инфляцад нөлөөлжээ.
ТӨВ БАНК ЭДИЙН ЗАСГИЙН ТӨСӨЛЛӨӨ БУУРУУЛАВ | |
zugchig.mn Facebook |