ШАТАХУУНЫ ҮНИЙГ ЧӨЛӨӨЛӨВ

2021/11/22
ШАТАХУУНЫ ҮНИЙГ ЧӨЛӨӨЛӨВ

Импортлогчдын зүгээс шатахууны үнэ чөлөөлөх хүсэлтийг Шатахууны үнийн зөвлөлд тавиад буй. Хүсэлтийн дагуу үнийн зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдсан ч тодорхой шийдэлд хүрээгүй тул хуралдааныг түр хугацаагаар хойшлуулсан. Харин өнөөдөр хуралдаж, шатахууны үнийг чөлөөлөх шийдвэр гаргажээ. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал мэдээлэл өглөө. Тэрээр “Өнөөдрийн хуралдаанаар шатахууны жижиглэнгийн үнийг огцом хэлбэлзэлгүйгээр зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх горимыг баримтлан ажиллах зөвлөмж гарсан. Түүнчлэн газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2022 оны компанийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг бага хүүтэй эх үүсвэрээс санхүүжүүлэх асуудлыг Монголбанктай хамтран хэрэгжүүлэх тухай шийдвэр гаргалаа. АИ92 шатахууны хувьд зургаан сарын дундаж өртгөөр жижиглэнгийн үнийг нь тогтоохоор болсон. Ингэснээр эрэлт, нийлүүлэлтээсээ хамаарч, сүүлийн зургаан сарын дундаж өртгөөр тооцох боломжтой. Төрөөс шатахууны үнийг тогтоож барих шаардлагагүй болж байна. 

Нэг удаагийн үнийн өсөлтийг 100 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар зохицуулж байна. Одоогоор АИ92 шатахууны дээр импортлогчдын алдагдлын хэмжээ 350-400 төгрөг.

Тэгэхээр өнөөдөр 2050 төгрөгөөр худалдаалагдаж байгаа шатахууны үнэ 2400 орчим төгрөгөөр борлуулагдахаар байгаа юм. Гэхдээ энэ үнийг аажмаар нэмнэ. Өөрөөр хэлбэл, үнэ нэмэгдэх хугацааг зургаан сарын дунджаар тооцоолно. Ингэснээр зах зээлийн журмаараа зохицуулагдаж, дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөх үед өсч, буурах үед буурах боломжтой болох юм" гэлээ. 

 

ШАТАХУУНЫ ҮНИЙГ ЧӨЛӨӨЛӨВ  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх