"Багануур ньюс" сонины архиваас. 2016 оны 1 дүгээр сарын 26-ны дугаараас
Багануур дүүрэгт Нийслэлийн дагуул Багануур хот байгуулах шийдвэр гарч бид захирагчаа сонгоод байгаа. Энэ шийдвэртэй холбоотойгоор Захирагчийн ажлын алба байгуулагдаж чиг үүргээ хэрэгжүүлж эхэллээ. Тийм учраас энэ удаагийн дугаарын зочноор Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Багануур хотны Ерөнхий менежер Д.Дэмчигжавыг урьж ярилцлаа.
- Багануур хотын анхны менежерээр томилогдсонд баяр хүргэе. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
- Баярлалаа. Юуны өмнө Багануур хотын ард иргэд, оршин суугчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Би 1985 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. Төрийн захиргаа, хүний нөөцийн мэргэжилтэй. 2008-2016 он хүртэл “Багануур” ХК-д ажиллаж ирсэн. Одоогоор Багануур хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргаар ажиллаж байна.
- Хотын захирагч тангарагаа өргөж, ажилдаа орсоор багагүй хугацаа өнгөрлөө. Ерөнхийдөө ажлын алба байгуулагдаж, ажил жигдэрсэн гэж бодож байгаа. Захирагчийн ажлын албаны үйл ажиллагааны үндсэн чиглэл юу байна вэ?
- Захирагчийг батламжилснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн боловч Багануур хотын Захирагчийн ажлын албаны үйл ажиллагаа энэ оны 1-р сараас эхлэхээр төлөвлөгдсөн. Бүтэц орон тоотой холбоотой асуудлууд, Засаг даргын тамын газраас шилжин ирж буй төрийн албан хаагчидтай холбоотой, өрөө тасалгааны хүрэлцээ зэрэг олон шалтгаанаас үүдэн өнгөрөгч 7 хоногоос ажил албан ёсоор эхэллээ. Бас шинээр байгуулагдаж байгаа айл учраас албан харилцааны болон бусад зохион байгуулалтын ажлууд их байна. Захирагчийн ажлын албаны үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг бол Багануур хотын дулаан, цахилгаан, усан хангамж, барилга байгууламж, орон сууц, гудамж талбайн тохижилт, хог хаягдлын менежмент, хоол үйлдвэрлэл үйлчилгээ гэх мэт дэд бүтцийн салбаруудыг нэгдсэн удирдлагаар хангаж, найдвартай тогтвортой байдлыг хангуулах юм.
- Захирагчийн ажлын алба маань ямар бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна?
- Хотын Захирагчийн ажлын алба нь Захиргаа, хуулийн хэлтэс, Төлөвлөлт хөгжлийн хэлтэс, Нийтлэг үйлчилгээний хэлтэс гэсэн 3 үндсэн хэлтэстэй, бүрэлдэхүүний хувьд 17 албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа эхлээд байна.
- Ер нь нийслэлийн дагуул Багануур хот байгуулагдаж, захирагчтай болсноор ямар эерэг өөрчлөлтүүд гарах вэ? Хот боллоо гэхээс өөр нүдэнд харагдах өөрчлөлт одоогоор байхгүй байх шиг...
- НИТХ-н шийдвэрээр Багануурыг нийслэлийн дагуул хот болгосон. Энэ нь Төр засгийн зүгээс иргэдийнхээ ажиллаж амьдрах нөхцөл бололцоог сайжруулахаар хийсэн үр дүнтэй ажлын нэг. Мэдээж нэг өдрийн дотор хот болохгүй. Дэд бүтцийн нарийн төвөвлөгөө, зохион байгуулалт дээр үндэслэн хот болно. Хот болно гэдэг байгууллагуудаа нэгдсэн байдлаар удирдаж, иргэд оршин суугчдын амьдрах таатай орчин нөхцлийг хангаж, хэрэглэгч буюу оршин суугчдынхаа эрх ашгийг урдаа тавин ажиллахын нэр юм. Хотын дэд бүтэцтэй холбогдох хэрэглэгч, оршин суугчдад харшлах асуудлуудыг зохицуулах нь хот болсны, захирагчтай болсны давуу тал болов уу. Хамгийн гол нь хотын дэд бүтцийг дагнан ажилласнаар түүний тогтвортой ажиллагаа, цаашдын хэтийн төлөвлөгөөг хэвийн явуулах, нийгмийн салбараасаа илүүтэй дэд бүтцийн салбарыг төгөлдөршүүлэх бололцоо үүснэ гэдгийг ойлгох хэрэгтэй.
- 2016 онд Захирагч, түүний ажлын алба ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ? тулгамдаж буй асуудал...
- Бид 2016 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр наран хорооллын иж бүрэн камержуулалт, тохижилт, гэрэлтүүлэг, гэр хорооллын иргэдийг хоёр тарифт тоолуураар хангах зэрэг олон олон ажлыг хийхээр төлөвлөж байна. Эхний ээлжинд гэр хорооллын 1500 гаруй айл өрхүүдийн тавин хувийг хоёр тарифт тоолуураар хангахаар төсөвт суулган ажиллаж байна. Мөн бид он гарснаас хойш оршин суугчдын санал гомлыг шийдвэрлэх үүднээс олон асуудлыг судалж, зохицуулалт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Манайд ус, дулаан, цахилгаан, бензин шатахуунтай холбоотой хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдсөн гомдол санал их ирж байгаа. Тухайлбал нийслэл болон орон нутагт Бензин шатахууны үнэ харилцан адилгүй байгаатай холбогдуулан бид Багануур дахь бензин, шатахуун жижиглэнгээр борлуулдаг байгууллагуудын эрхлэгчидтэй уулзалт хийж, үнэ бууруулах талаар саналаа илэрхийлсэн. Ерөнхийдөө Багануур дахь шатахууны үнэ, нийслэл болон аймгуудын шатахууны үнийг нэг түвшинд хүргэх зорилготой юм. Үүний үр дүнд одоо манай Багануур хотод маань бензин шатахууны үнэ литр тутамд 80-100 төгрөгөөр хямдраад байна. Энэ мэт цаашид хийх ажил их байгаа. Ажлын албаны хувьд тулгамдсан асуудал багагүй байна. Дэд бүтцийн байгууллагуудыг Хотын Захирагчийн ажлын албаны харъяанд шилжүүлэн авах асуудал удаашралтай байгаа. Үүнээс үүдэн Захирагчийн ажлын албанаас үндсэн чиг үүргийн дагуу нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах боломж хаалттай байна. Мөн хотын хууль, эрх зүйн асуудлууд ч тодорхойгүй байна.
- Залуу хүнийхээ хувьд захирагчийн ажлын албаны даргын хувьд ч ирээдүйн Багануур хотын хөгжлийн төлвийг хэрхэн харж байна вэ?
- Мэдээж би Багануурын унаган хүүхэд. Өнөөдрийг хүртэлх Багануур хотын өөрчлөлт, хөгжил дэвшилтэй мөр зэрэгцэн хамтдаа алхаж ирсэн. Харин одоо Багануур хотын ерөнхий менежер болж, Багануур хотынхоо цаашдын хөгжилд өөрийн биеэр хувь нэмрээ оруулах болсондоо туйлын их баяртай байна. Би Багануур хотоо эрх зүйн орчин нь бүрэн хангагдсан, бие даасан, үйлдвэржилт хөгжсөн, ард иргэдийн амьжиргааны түвшин баталгаажсан жишиг хот болно гэдэгт итгэдэг.