Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын 2020 оны III улирлын тоймыг танилцууллаа. Энэ үеэр III улирлын байдлаар нийт 533 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 1.9 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 19.3 хувиар өссөн дүнг танилцууллаа.
Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар өсөж 1.4 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд зээлийн үлдэгдлийн 47.1 хувь хэрэглээний зээлийн үлдэгдэл байна. Нийт зээлийн үлдэгдлийн 85.5 хувийг иргэдийн зээл, 14.5 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна. Зээлийг чанараар ангилахад 86.7 хувийг хэвийн зээл, 3.8 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 9.4 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна. Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.4 дахин нэмэгдэж 552.0 мянгад хүрсэн бол нийт харилцагчдын тоо 2.6 саяд хүрсэн дүнтэй байна. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн энэхүү өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин өмнөх оны мөн үеэс 0.2 пунктээр буурч 2.9 хувьтай байна.
533 ББСБ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА | |
zugchig.mn Facebook |