2020 оны Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 15-нд болно. Сонгуульд өрсөлдөх төрийн жинхэнэ албан хаагчид энэ долоо хоног буюу долдугаар сарын 31-ний дотор албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх учиртай.
Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т "Төрийн жинхэнэ албан хаагч ... аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ... төрийн албанаас чөлөөлөгдсөн байна" гэж заасан байдаг. Тиймээс сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагчид хуульд заасан хугацаанаас өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой юм. Энэ нь тухайн иргэн төрийн албанаас өөрийн сонголт, санаачилгаар чөлөөлөгдөж байгаа үйлдэл юм.
Мөн төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцохгүй бөгөөд төрийн жинхэнэ албанд эргэж орох тохиолдолд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөн хамгийн өндөр оноо авч зохих журмын дагуу нэр дэвшүүлсний үндсэн дээр уг албан тушаалд томилогдох эрх шинээр үүсэх болно.
Сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг 15 хоног болгожээ. Мөн иргэдийн шилжих хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож гэж зохицуулсан байна. Харин санал хураалтыг "22.00" цагт дуусгавар болгохыг "20.00" цаг гэж өөрчилсөн юм.
СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЭНЭ ДОЛОО ХОНОГТ АЛБАН ТУШААЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ | |
zugchig.mn Facebook |